Дэлхийн цоожны түүх

Хүмүүс суурин байр сууц барьж амьдрах болж, өмчийн ялгаатай давхрагууд бий болсон нь байр, сав, орон зайг эзэмших, нэвтрэх, ашиглахыг хорих хязгаарлах шаардлага аяндаа бий болжээ. Оршин суугчид цөөн, төрөл саднаараа эсвэл шашны бүлгүүд, ойр саахалт болон хамт оршин амьдардаг нутаг газарт гэр орон, эд зүйлээ цоожилж хамгаалах шаардлагагүй байсан тул цоожны хэрэгцээгүй байв.

Анх цоожийг хүрэл зэвсгийн үед Хятад, Египтед модоор бүтээсэн гэж үздэг. Томоохон суурингуудад хүн ам шигүү амьдрах үед захиран эзэмшигчид төрж эхэлжээ. Хөрөнгө, хоол хүнсээ ойр дотны, садан төрөл хүмүүсдээ найдан ил задгай байлгах боломжгүй болж, хөрөнгө эд зүйлээ угсаа залгамжлагч нартаа найдвартай хадгалж үлдээх арга олох хэрэгтэй болжээ. Эд хөрөнгө, орон байрыг хадгалах хамгаалах, хоол хүнсээ нөөцлөх найдвартай арга бол цоожлон түгжих байв.

Археологийн малтлагаар олдсон хамгийн эртний цоож түгжээний төрөлд хамаарах олдвор бол Эмиля Боты-н хайгуулаар Тигрголын эх газар (одоогийн Ирак)-т олдсон Саргон II хааны (мэө 721-705) ордны хаалганы түгжээ юм. 200 тасалгаатай энэ модон байшин устаж үгүй болсон ч гадна хаалгыг чагтлан түгжиж, сугалж тайлдаг модон түгжээ нь олджээ. Ижил хэлбэрийн түгжээг Түрэгийн үеийн нутаг дэвсгэрт хэрэглэж байсан тул европчууд дээрх олдворыг харьцуулах ижил олдворгүйд бус, нийтлэг хэрэглээ байсан тул нэг их олзуурхаагүй. Харин европын хайгуулд Напеолоныг дагалдан явсан францын дипломатч, сэтгүүлч Доминик Вивант-Денон 1803 онд анх удаа ийм цоожны тухай “Universal Magazine” сэтгүүлд зурж үзүүлж, бичжээ. Э.Боты-н малтлагын дараа энэ түгжээг “египетийн” гэж нэрлэж байсан бол, мэргэжилтнүүд “аяган хэлбэрт “/tumbler/хэмээн нэрлэх болжээ.

Европт XIX зууны II хагас хүртэл олон төрлийн модон түгжээ түгээмэл байв. Мөн түгжээний их биеийг модоор, чагт болон түлхүүрийг төмрөөр хийж холимог бүтэцтэй зохиож байв. Өнөө үед ч Англид хатуу модон их биеийг төмрөөр хүрээлж бэхлэн бусад хэсгийг модоор хийсэн цоожийг үйлдвэрлэдэг байна.

Европт анхны төмөр түгжээ эртний Грект хамаарах бөгөөд доторх уяаг урт хүрэл түлхүүрээр татаж онгойлгодог байжээ. Римийн цоож түгжээ газрын дундад тэнгис орчмын орнууд болон Ази, Европоос гаралтай хийцтэй холилдон хөгжжээ. Хамгийн түгээмэл нь суулгасан ба зүүсэн цоож байв. Мөн “Римийн” гэж нэрлэгдэх цутгамал хүрэл түлхүүртэй, хатгуур түгжээтэй цоож байв. Цоожинд эргэдэг түлхүүр ба ялтсан баадуу хийх болсон нь механизмын шинэчлэл болсон байна.

Римийн эзэнт гүрэн унахын сацуу бусад соёлын нэгэн адил цоож түгжээний бүтцэд шинэчлэлт орсонгүй, нэг хэсэг зогсонги байдалд орсоноо эргүүлж онгойлгодог түлхүүртэй том цоожнууд гарч ирэв. Энэ үед хоёр төрлийн түгжээ зонхилж байсаны нэг нь “герман уламжлалт” гэгдэх өргөсний үзүүр нь налуу учраас хаалга хаангуут түгжигддэг, түлхүүр нь эх биед 100- 120 градус эргэж онгойлгодог. Хоёр дох “францын уламжлалт” цоож нь үзүүр нь сэтэрхий бөгөөд шулуун оньстой, ихэвчлэн баадуутай, түлхүүр 180 градус эргэж онгойдог механизмтай байв. Хожим Дорнод Европт энэхүү ялтсан хавтанд суурилсан цоожийг ”тэнхлэгт” гэх болсон бөгөөд “эргэлтийн” зарчимд үндэслэн баяжуулжээ. Дундад зууны үеийн зүүдэг цоож Хятад, Европт тархаж, зарчмын их өөрчлөлтгүй, хэлбэрийн хувьд цилиндр болон амьтны дүрс, гоёл чимэглэлтэй хийх болов.

Дундад зууны сүүл үед төрөлжсөн дархчуул бий болж, төмрийг хүйтэн аргаар хайлж урлах болов. Энэ чиглэлээр ажиладаг хүмүүсийг “слесарь” гэсэн герман гаралтай (Schlosser: SchloЯ-цоож, Schlьssel -түлхүүр) үгээр нэрлэх болов. 1778 онд Английн иргэн Роберт Баррон “хоёр тал руугаа хөдөлдөг хөшүүрэг”- тэй цоож хийж патентавсан нь XVIII—XIX зууны сүүл үеийн цоожны хийцэд техникийн хувьсал болжээ. Ийнхүү олон төрлийн механизмтай цоожнууд улс орнуудад бий болж, улмаар барилга болон электроникийн хөгжлийн дагуу цоож түгжээ улам боловсронгуй болсоор иржээ.

 

 

Монгол цоож

Монголчуудын соёлын өвийг уламжлан хадгалах, сэргээн дэлгэрүүлэх олон талт арга хэмжээний үр дүнд иргэд ялангуяа залуучуудын өв уламжлалын талаар мэдлэг өсөж, ёс заншлаа дагах, сэргээх эрмэлзэлтэй болж байна. Өнөө цагийн аж төрөх ёсны аясаар бүх юм шинэчлэгдэж, орчин үеийн арга технолог бидэнд илүү ая тухтай амьдрах боломж өгч байгаа учраас хуучин эд зүйлс хэрэглээнээс гарч орхигдон мартагдаж байна.

Үндэсний урлалыг илтгэсэн, одоо улам цөөрсөөр байгаа нэг төрлийн өвийн талаар улс, аймгийн музейн цуглуулгыг түшиглэн судлаж, олон нийтэд хүртээхийг зорьсон нь “Монгол цоож” юм. Монгол цоож нэрээр түгсэн энэ цомхон зохиомжит бүтээлийг хэрэглэж үзээгүй айл гэр, хүн байхгүй биз ээ.

Уран дарханы ур ухаанаар бүтсэн, монголын гэсэн энгийн төв, өөрийн ур хийцийг тогтоож чадсан, өргөн олон нийтээр хэрэглэж байсан цоож бол монголчуудын уламжлалт соёлын өв юм. Төмрийн дархан цоож, илүүр, тамга, хутга шөвөг зэрэг байнгын хэрэгцээтэй эд зүйлийг хийхээс гадна ур чадвараа үзүүлж, хатуу төмрийг уяруулан янз бүрээр урлаж байв. Кодтой, 12 жилийн амьтны дүрстэй түлхүүртэй, олон өргөстэй, мөнгө, гууль, зэсээр бүтээсэн, хээлж чимсэн зэрэг гайхамшигтай урласан цоожнууд манай музейнүүдийн сан хөмрөгт болон хувийн цуглуулгад хадгалагдаж байна.

Улс орнуудын цоожноос ялгагдах “монгол цоож” хэмээх урлалыг бүтээсэн төмрийн дархчуулын ур чадвар, түүхийг бид энэхүү веб сайтаар дамжуулан олон та бүхэнд дэлгэн үзүүлж байна. Энэхүү веб сайтанд хувийн цуглуулагч Ринчинсамбуугийн Отгонбаатарын цуглуулсан цоожнууд болон улс, аймгийн музейнүүдийн сан хөмрөгт хадгалагдаж байгуу цоожнуудын мэдээлэл орсон болно.

 

 

Монгол цоожны бүтэц